Burdene Oasis - Bird watching trip


 МУИС-ийн байгаль хамгааллын “Экологи-Эрдэм” клубын ээлжит шувуу ажиглах аялал шувуудын нүүдэл эхэлснийг холбогдуулан говийн баянбүрдийг дайран өнгөрч буй шувуудыг ажиглах зорилгоор 2012 оны 4-р сарын 06-09-нд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт буй Бүрдэнэ булаг руу аялаад ирлээ. Ц. Наранбат (Professional Photo Design Company , Designer, Photographer), Ш. Хулан (МУИС – оюутан), Б. Отгонтуяа (МУИС – оюутан), Б. Энх-Амгалан (МУИС – оюутан), Ү. Төвшин (МУИС – магистрант) гэсэн бүрэлдэхүүнтэй явсан. 4-р сарын 6-ны 16:30 цагт Улаанбаатар өртөөнөөс Замын-Үүд чиглэлийн  галт тэргэнд суун маргааш буюу 07-ны өглөө 6 цагт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул өртөөн дээр буусан.

          Галт тэрэгнээс буугаад нисэж буй 1 хөх цэгцгий (Motacilla alba)  харсан.
Сумын төвд согсоот божирго (Galerida cristata) 6, хон хэрээ, хар хэрээ, оронгийн боршувуу, хээрийн боршувуу, хөхвөр тагтаа, улаанхушуут жунгаа харсан. Бид өмнө нь утсаар холбогдож тохиролцсон унаандаа суун 7 цагийн үед Бүрдэнэ булгийн сувилалд хүрч ирсэн. 

Энэхүү сувилал нь зуны улиралд ажилладаг бөгөөд бөөрний элсэн эмчилгээ хийдэг гэсэн. Бүрдэнэ булаг нь элсэн манхны хормойгоос шүүрсэн булгуудтай ба хаврын улиралд гүехэн нуур үүсгэдэг юм байна. Нутгийн иргэд 108 булагтай гэлцдэг. 

 Өглөөний ундаа уун 9 цагт баянбүрд рүү шувуу ажиглахаар явсан. Тэнд Монгол ногтруу (Syrrhaptes paradoxus) үржлийн хос үүсгэсэн бололтой олон удаа хос шувууд нисэн өнгөрч байсан. 9:30 үед нэгэн булгийн эрэгт Монголд өмнө нь хэдхэн удаа тэмдэглэгдэж байсан ховор тохиолдох 1 Саарал зуунхурга (Vanellus cinereus) харсан. Бид үдээс өмнөх ажиглалтаар хондон ангир (Tadorna ferruginea) – 7, хошуу галуу (Anser cygnoides) – 64, гангар хун (Cygnus cygnus) – 17, шовтгоралаг нугас (Anas acuta) – 6, зэрлэг нугас (Anas platyrhynchos) – 1 хос, хөх цэгцгий (Motacilla alba)  >100, боролзой богширго (Alauda arvensis) >100, умардын хавтгаалж (Vanellus vanellus) – 2, үхэр цахлай (Larus mongolicus) – 7, хархираа тогоруу (Grus grus) – 6 бүртгэсэн.

                                                          Хархираа тогоруу (Grus grus)

                                                        Саарал зуунхурга (Vanellus cinereus)

                                           Гангар хун (Cygnus cygnus

 Өдрийн 1 цагийн үеэс хүчтэй салхилж байв. Үдээс хойш салхи намдахаар нь хойд талд буй аараг толгодоор явж дурандсан. Загтай жижиг сайранд хос цөлийн чогчиго (Oenanthe deserti) харсан.

                                           Цөлийн чогчиго (Oenanthe deserti)


                                                    Хадны тагтаа (Columba rupestris) -5 

                                           Хотны бүгээхэй (Athene noctua)





08-ны өглөө 8 цагийн үед 35 үхэр цахлай (Larus mongolicus) баруун хойшоо нисэж байв. 9 цагт баянбүрд рүү дахин явж 2 дахь өдрийн ажиглалтаа хийсэн. 8 гангар хунтай сүргийг бүртгэсэн ба өмнөх өдрийн 17 гангар хунгийн 8 нь байх боломжтой юм. 2 дахь өдөр 1 хөх дэглий (Ardea cinerea), согсоот божирго (Galerida cristata) – 3, талын жиргэмэл (Calandrella brachydactyla) – 1, хон хэрээ (Corvus corax) -2, сохор элээ (Milvus migrans) 1-ийг бүртгэсэн. 8-ны орой 20:37 цагийн галт тэргэнд суун маргааш нь 9 цагт Улаанбаатар хот орсоноор аялал маань өндөрлөсөн.
Энэхүү аяллаар бүртгэсэн 25 зүйлийн 16 нь нүүдлийн шувуу байлаа. 

Бидний аялалд туслалцаа үзүүлсэн Бүрдэнэ булгийн сувиллын газрын хамт олонд талархсанаа илэрхийлье. Мөн бидний аяллыг үргэлж дэмжиж ажилладаг Монголын Шувуу Ажиглагчдын Клуб (MBWC), Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (WCS) нартаа баярлаж талархдагаа энэ дашрамд илэрхийлж байна.

Comments